Мэдээ · Зарлал
Мэдээ 3 мин унших

INSURTECH FORUM 2026 зохион байгуулагдана.

INSURTECH FORUM 2026 зохион байгуулагдана.

Монгол Улсын даатгалын салбарын дижитал шилжилтийг эрчимжүүлэх, өгөгдлийн сангуудыг интеграци хийх, хиймэл оюун ухаан болон шинэ технологийн хэрэглээг бизнесийн шийдэл болгон хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, бизнес харилцааг идэвхижүүлэх зорилготой INSURTECH FORUM 2026 11-р сарын 20-ны өдөр Туушин Зочид буудалд зохион байгуулагдана.

Энэхүү форум нь даатгал, технологи, финтек, банк, болон төрийн байгууллагуудын төлөөллийг нэг дор цуглуулж, Монголын даатгалын зах зээлийн хөгжлийг идэвхижүүлэх, хөгжлийн дараагийн шатанд гарахад тулгамдаж буй сорилтуудыг тодорхойлж, өгөгдөл, хиймэл оюун ухаан, дижитал шийдэл, инновацын тусламжтайгаар шийдвэрлэх боломжийг хэлэлцэх салбар дундын хамтын ажиллагааны платформ юм.

Форумын гол зорилго нь технологийн хөгжлийг зөвхөн танилцуулах бус, даатгалын бүтээгдэхүүн хөгжүүлэлт, эрсдэлийн үнэлгээ, андеррайтинг, борлуулалт, гэрээний удирдлага, нөхөн төлбөр болон хэрэглэгчийн үйлчилгээний бүх үе шатанд технологийн бодит үнэ цэнийг бий болгоход оршино.

Хиймэл оюун ухаан ба даатгалын ирээдүй

Форумын хүрээнд хиймэл оюун ухааныг даатгалын бизнесийн үйл ажиллагаанд нэвтрүүлсэн олон улсын болон дотоодын зах зээлийн туршлага, өгөгдлийн хэрэглээ, даатгалын скоринг, мэдээллийн аюулгүй байдал болон зохицуулалтын орчны талаар хэлэлцэнэ.

Олон улсын болон дотоодын илтгэгчид дараах үндсэн сэдвүүдээр туршлага, мэдлэгээ хуваалцана. Үүнд:

AI in Insurance: Хиймэл оюун ухаанд суурилсан андеррайтинг, нөхөн төлбөрийн шийдвэрлэлт, залилан илрүүлэлт, харилцагчийн үйлчилгээ.

Data Is Capital: Даатгалын мэдээллийн сан, өгөгдлийн ашиглалт, даатгалын скоринг болон мэдээлэлд суурилсан шийдвэр гаргалт.

InsurTech Ecosystem: Зохицуулалтын sandbox, технологийн инновацыг дэмжих бодлого, мэдээллийн аюулгүй байдал.

Digital Distribution: Банкны даатгал, даатгалын агрегаторийн туршлага болон дижитал сувгаар даатгалын бүтээгдэхүүн түгээх шинэ боломжууд.

Digital Claims: Нөхөн төлбөрийн үйл явцыг автоматжуулах, зураг болон цахим баримтад суурилсан хохирлын үнэлгээний хиймэл оюун ухааны шийдэл, хэрэглэгчийн туршлагыг сайжруулах санаачлагууд.

Cyber Risk: Бизнесийн үйл ажиллагаанд шинээр бий болж буй кибер болон дижитал эрсдэлийг удирдах арга зам.

Мөн ердийн болон амьдралын даатгалын салбар дахь технологийн хэрэглээ, банкны даатгал, даатгалын брокер болон агрегаторын шинэ бизнес загвар, нөхөн төлбөрийн дижитал шийдлийн бодит туршлагуудыг танилцуулна.

Монголын онцлог эрсдэлд зориулсан технологийн шийдэл

Монгол Улсын даатгалын зах зээл нь газарзүйн онцлог, уур амьсгал, хүн амын тархалт, эдийн засгийн бүтэцтэй холбоотой өвөрмөц эрсдэлүүдтэй.

Тиймээс форумын хэлэлцүүлэг нь олон улсын технологийн чиг хандлагыг Монголын бодит хэрэгцээтэй уялдуулахад чиглэнэ. Тухайлбал, зуд, байгалийн гамшиг, зам тээврийн осол, эрүүл мэнд, мал аж ахуй, ЖДҮ болон хөдөө орон нутгийн даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэхэд технологийг хэрхэн ашиглах талаар хэлэлцэх юм.

Форумын үр дүн: InsurTech Pilot Projects Recognition

Форумын нэг чухал хэсэг нь даатгалын салбарын бодит асуудлыг шийдвэрлэх боломжтой технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах InsurTech Pilot Project юм.

Энэ хүрээнд даатгалын компаниуд, технологийн компаниуд, финтек болон инновацын багууд өөрсдийн шийдлийг танилцуулж, туршилтын төсөл хэрэгжүүлэх боломжоо хэлэлцэнэ.

Сонгон шалгаруулалтад хэрэглэгч болон даатгуулагчид бий болгох үнэ цэн, техникийн хэрэгжих боломж, бизнесийн үр өгөөж, өргөжих чадамж, өгөгдлийн бэлэн байдал, хамтын ажиллагаа болон хариуцлагатай инновацын шалгуурыг харгалзана.

Форумын дараа Mongolia InsurTech 5 санаачилгын хүрээнд 3 хүртэлх туршилтын төслийг сонгон шалгаруулж, 30, 60, 90 хоногийн үе шаттайгаар хэрэгжилт, үр дүнг нь үнэлэх зорилт тавьж байна.

Хамтын ажиллагаанаас бодит өөрчлөлт рүү

MONGOLIA INSURTECH FORUM 2026 нь нэг удаагийн хурал, технологийн үзэсгэлэнгээр хязгаарлагдахгүй. Харин даатгалын салбарын дижитал шилжилтийг эрчимжүүлэх, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох, зохицуулалтын орчныг боловсронгуй болгох, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх урт хугацааны санаачилгын эхлэл байх юм.

Форумын үр дүнд Монголын InsurTech зах зээлийн зураглал, салбарын тулгамдсан асуудлыг тодорхойлж, зохицуулалтын саналыг дэвшүүлэх, 2027–2030 онуудад даатгалын салбарын хөгжлийн стратегийн зорилтуудыг зарлах болон Insurtech төслүүдийг хэрэгжүүлэх суурь бүрдүүлэхээр зорьж байна.

Монголын даатгалын салбарын дараагийн үеийг технологи дангаараа бус, хамтын ажиллагаа, инновац, бодит шийдэл тодорхойлно.


Энэ мэдээг хуваалцах

Facebook X

© 2026 ULAANBAATAR CITY INSURANCE LLC. All rights reserved.